Monday, January 30, 2017

Троллчид буюу “лаларууд”

TIME-ийн шинэ дугаарт троллчид холбоотой сонирхолтой нийтлэл гарсан байна.
2011 онд Фейсбүүк хуудсаар нас барсан хүмүүсийн профайлыг элэглэж, шоглодог бүлэг хүмүүс “мэндэлсэн” нь онлайнаар нэр, хаягаа нуусан “троллчид”-ийн эхэн үеийн хэлбэр гэжээ. Дараа жил нь Kickstarter дээр хөрөнгө босгохыг оролдсон Анита Саркисиан гэх эмэгтэйн эргэн тойронд нь бөмбөг дэлбэлнэ, хүчирхийлнэ гэж сүрдүүлсэн тохиолдол гарч байв. Мөн New York Times-ийн редактор заналхийлсэн олон мессежээс болж Твиттерээс гарч байсан бол, феминист зохиолч Валенти тавхан настай охиныг нь хүчирхийлнэ гэж айлгахыг хараад сошиал медиагаас зай барих болсон байна.
“Троллчид” буюу манайд сүүлийн үед “лаларууд” гэх болсон хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд интернэт хэрэглэгчдийн 5% нь троллчин болохоо хэлж судалгаанд хамрагджээ. Тэдний зан авир нь хувиа хичээсэн, сэтгэцийн өөрчлөлттэй, мөн садист шинжтэй болохыг судалгааны багийнхан хэлж байна.
Гэхдээ өөрийгөө ийм болсноо мэдэрдэггүй олон хүн интернэт орчинд бий. Америкийн Tea Party хөдөлгөөний төлөөлөгч Стив Смит Твиттерт маш олон дагагч цуглуулж сенаторууд, алдартай сэтгүүлчидтэй маргаан өрнүүлж, мэтгэлцэж, элэглэдэг байж. Харин гурван жилийн дараа ийм хүн огт байдаггүй нь илэрч, энэ эккаунтын ард Жеффри Марти гэх либерал үзлийг баримталдаг ч, Дональд Трампыг дэмждэг, Бүгд Найрамдахчуудын элитүүдэд уурсч, Хиллара Клинтоныг үзэж чаддаггүй, Black Lives Matter хөдөлгөөнийг эсэргүүцэгч нэгэн байдаг нь тогтоогджээ. Тэр 40 настай, энгийн хуульч залуу байсан бөгөөд “Гудамжинд гараад юу ч ярьсан Твиттерт шууд олон нийттэй харилцаж байгаа шиг анхаарал над дээр төвлөрөхгүй байсан. Миний Твиттерийг сард 1.5 сая хүн үздэг байсан. Тиймээс ингэж тролл хийх нь надад өөртөө итгэх хүч өгдөг байсан” гэжээ.
Олон нийтийн сүлжээ хуудсуудаас Инстаграм (гэхдээ саяхан сөрөг сэтгэгдлүүдээс болж Жастин Бибер хаягаа хаасан), Фейсбүүк нь сүүлийн үед хүмүүсийг хувийн мэдээллээ оруулахыг шаарддаг болсон тул троллчид байх нь харьцангуй багассан. Гэхдээ Reddit л гэхэд троллчидын үзүүлэлтээр толгой цохиж явна. Тэдний хуучин ажилтан нь “Бид троллчидыг гэртээ пицца захиалж, хийжүүлсэн ундаа уусан, үл бүтэх нөхдүүд шиг төсөөлдөг. Гэвч үнэндээ тэд эмч, хуульч, уран илтгэгч, бүр цэцэрлэгийн багш байх нь бий. Тэд дотны хүмүүстэй сайхан бэлэг барьж чаддаг, эгэл хүмүүс байдаг” гэсэн юм.
Хамгийн эрсдэлтэй нь троллчдод шоглуулж, нэр төрөө гутаалгасан хүмүүс хуулийн дагуу үүнийг шийдүүлэх боломж хомс юм. Сошиал медиа платформын үндсэн зарчим нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тулгуурладаг бөгөөд хандсан хүн бүрт шууд хариу үйлдлээр үйлчлэх нь цөөн. Цаашлаад троллчдын үйлдэл нь зөвхөн ёс зүйн хүрээнд биш хэн нэгний хувийн мэдээллийг ил болгох цахим гэмт хэрэгт хүртэл хамаарах болсон тул хамгийн зөв арга нь онлайн орчинд ерийнхөөс ч илүү сэрэмжтэй байх нь л чухал болжээ.

No comments:

Post a Comment